Дэлхийн банк (ДБ) болон Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) нэгэн адилаар Хятад улс сүүлийн хэдэн жилд хөгжиж буй орнуудад (гэхдээ ихэнх нь африкийн орнуудад) ихээхэн хэмжээний зээл олгож эхэлсэн билээ. "Хуучин "итгэл үзүүлэгчидтэй" (Их найм болон европын бусад хөгжилтэй орнууд) харьцуулбал шинэ "итгэл үзүүлэгчийн" (Хятад улс) далд санаа нь харьцангуй бохир юм." хэмээн тухайн үеийн Германы санхүүгийн сайд байсан Пеер Штайнбруүк 2007 онд Хайлигэндаммд болсон Их наймын уулзалтын үеэр хятадын эдийн засгийн гадаад бодлогын талаар эвгүй үг унагаж байсан. Зарим шинжээчдийн үзэж буйгаар бол (мэдээж ихэнх нь өрнийн) энэхүү мөнгөний урсгал нь барууны итгэл үзүүлэгч орнуудын хичээл зүтгэлийг ор мөргүй "булшилж", африкийг өрөнд живүүлж, ялангуяа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд харшлах нөлөө ихтэй хэмээн дүгнэж байгаа юм. Тэд яагаад ийнхүү дүгнэх болов?
Хятадын бодлого: Фактууд
Хятадын хөгжлийн тусламжын давалгаа
Харин саяхан буюу 11-р сарын 8-нд Египтын Шарм Эл Шэйхд болсон уулзалтын үеэр хятадын ерөнхий сайд Вэн Жибао дараагийн гурван жилд африкийн орнуудад нийтдээ арван тэрбум долларын зээл тусламж олгоход бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Хятад улс маш олон төрлийн хөгжлийн тусламжыг үзүүлж байна. Сургууль, эмнэлэг барих гэх мэт олон төрлийн нийгмийн төсөл хэрэгжүүлж байна. Цаашлах юм бол Хятад улс бага хүүтэй зээлийг (хугацаат зээл) хөгжингүй орнуудад дэд бүтцээ сайжруулахад нь зориулан олгож байна. Харин тэдний өгч буй зээл тусламжийн гурав дахь хэлбэр нь өндөр хүүтэй, хугацаагүй зээл юм. Хятадын хөгжлийн тусламжыг хаа сайгүй мэддэг болж байх энэ зуурт түүнийх нь хамрах болон хамарсан хүрээ нь тодорхой бус хэвээрээ байна. Хятад улс зээл тусламжынхаа талаар ямар нэгэн тоо баримт олон нийтэд дэлгэхээсээ байнга цааргалж байна. "Бид 1949 оноос хойш нийтдээ 5.6 тэрбум долларын зээл тусламжийг африкийн орнуудад эдийн засаг, хөгжлийн тусламж болгон өгсөн" хэмээн ерөнхий сайд Вэн Жибао нь 2006 онд мэдэгдэж байсан. Энэхүү тооны үнэн эсэхэд олон улсын санхүүгийн институтууд болон шинжээчид байнга эргэлзсээр ирсэн. Тиймээс олон тооны төрийн болон төрийн бус байгууллагууд, санхүүгийн институтууд, шинжээчид өөр өөрсдийнхөө эх сурвалжуудаар ялгаатай тоо баримтууд хэлдэг.
Хятадаас Африкийн хөгжиж буй орнуудад олгосон зээл тусламж (барагцаалбал)
Карнеги сангийнхаар: 2004 онд 2.7 тэрбум доллар
Францын Хөгжлийн Тусламжын Институтынхаар: 2004 онд 1.6-2.2 тэрбум доллар. 2 тэрбум доллар 2005 онд.
DIFD (Олон улсын хөгжлийн агентлаг): 2006 онд 1.3-1.4 тэрбум доллар
Глобал хөгжлийн төвийн судалгаагаар: 2004-2005 оны хооронд 7.5 тэрбум доллар
Qi Guoqiang: 2006 онд 1.05 тэрбум. 2007 оны нийт тусламжийн хэмжээ 1.38 тэрбум америк доллар
Мэдээж ялгаатай эх сурвалжуудаас авснаас болж энэхүү тоонууд бие биетэйгээ тийм ч сайн авцалдахгүй байгаа юм. Түүнчлэн энэхүү "мөнгөн уулын" буюу тусламжын төслүүдийн хэдэн хувь нь Хятдын засгийн газраас, хэдэн хувь нь хувийн фирмүүдээс санхүүжиж байгаа нь мөн л тодорхойгүй. Ямартай ч Хятад улсаас Өмнөд сахарын буюу Хар африкийн улс орнуудад хөгжлийн зээл тусламж, санхүүгийн хамтын ажиллагаа нэрийн дор оруулсан мөнгөний урсгалын хэмжээ 2002-2005 онд 1.8-5.3 тэрбум болтлоо өсжээ. Мөн энэхүү мөнгөн урсгалын хэдэн хувь нь хугацаатай зээл хэлбэрээр (бага хүүтэй), хэдэн хувь нь хугацаагүй зээл хэлбэрээр (өндөр хүүтэй) африкийн улсуудад очиж байгаа, зээл авагч орнуудад хятад улс ямар нөхцөл тавьж байгаа зэрэг нь хэзээ ямагт нууц байсаар иржээ.
Дэлхийн Банк болон PPIAF (Public Private Infrastructure Advisory Facility)- ын хамтарсан судалгаагаар бол 2001-2007 оны хооронд Хятад улсаас Өмнөд Сахарын орнуудад дэд бүтцийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 470 сая ам.доллараас 7.05 тэрбум ам. доллар болтлоо өссөн байна. Гэхдээ энд зөвхөн дэд бүтцийн төслүүдын тухай мэдээлэлүүд, түүн дотроо хятадын EXIM банкнаас санхүүжилт нь хийгдсэн төслийн мэдээллүүд голчлон тусгагдсан байна. Эндээс харвал хөгжлийн тусламжийн төслийн ихэнх хэсэг нь Хятадын EXIM банкаар дамжуулан хийгддэг бa (Reisen und Ndoye, 2007) хятадууд дэд бүтцийн төслүүдэд ихээхэн анхаарлаа хандуулж буй бололтой.
Харин Өмнөд Сахарын улс орнуудад тулгамдсан асуудал болоод буй усан хангамж, цэвэр усны эх үүсвэр бий болгоход эдгээр зээл тусламжийн ердөө хоёрхон хувь нь зарцуулагдсан байна. Мөн гайхширал төрүүлж буй өөр нэг асуудал нь хятдын зээл тусламжийн хуваарилалт. Хятад улс африкийн 50 гаруй улсад хөгжлийн зээл тусламж олгосноос нийт мөнгөн дүнгийн 70 хувь нь дөрөвхөн улсад хуваарилагдсан байна. Эдгээр дөрвөн улс нь Нигер, Ангол, Судан, Этиоп.
Хятад улс эдгээр улсуудад санхүүгийн ямар нөхцөл тавьдаг вэ? гэдэг мэдээж сонирхол татах асуудал. Дунджаар жилийн 3.6 хувийн хөвөгч хүүтэйгээр 4 жилийн дараагаас эргүүлэн төлөгдөж эхлэхээр, нийтдээ 12 жил орчмын хугацаатайгаар хятад улс зээлээ олгож байна. Түүнчлэн хятдын тавьж буй зээлийн нөхцөл нь улс орон бүрт харилцан адилгүй байгаа бөгөөд жишээлбэл, Африкийн хамгийн ядуу орнуудын нэг болох Зимбабед олгогддог зээл нь 6.1-6.4 хувийн хүүтэй, 0.4-1.3 жилийн дараанаас эргэн төлөгдөж эхлэхээр, зээл бүрэн төлөгдөх хугацаа нь 1.9-5.8 жил байхаар хийгдсэн байна. 2006 онд гэхэд Зимбабе улсад 200 сая ам.долларыг 6.1 хувийн хүүтэй, 4.8 сарын дараанаас эргэн төлөгдөж, 1.9 жилийн дараа гэхэд бүрэн төлөгдөж дууссан байхаар өгсөн байна. Зимбабе улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг бодоод үзвэл ямархуу өрийн дарамтанд байгаа нь ойлгомжтой бизээ.
Хятад улс зээлээ өгөхдөө маш цөөхөн боловч хатуухан болзол тавьдаг. Тэдний нэг нь Тайваны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байх. Мөн EXIM банкаар санхүүжилт нь хийгдэж буй ихэнх төслүүдэд зээл авагч улс хятадын ямар нэгэн фирмийг төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр, үгүй ядахдаа л барилгын түүхий эд материалын тээвэрлэлт хийглэхээр гэрээ хийх үүрэгтэй. Хэрвээ зээл хүсэмжлэгч орон зээл авах нөхцлийг хангахгүй бол хятад улс тухайн орны байгалийн нөөцийг эргэн төлбөр буюу барьцаа болгон авдаг. (Ангола Модус) (Барууны орнууд ч өмнө нь ийм гэрээ хийдэг байсан). Одоогийн байдлаар 3 тэрбум гаруй долларын барьцаа болгосон 8 ийм төрлийн зээлийн гэрээ байна.
Хятад улс африкийн орнуудад зээл өгөөд зогсохгүй, мөн африкийн зарим улсуудыг зээлээс чөлөөлж байна. 2000 онд африкийн 31 орны 156 төрлийн, нийт мөнгөн дүнгээр 1.38 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгож байсан бол 2006 оны 11 сард 33 орны 168 төрлийн, нийтдээ 1.3 тэрбум ам.долларын өрийг хүчингүй болгосон байна. 2007 онд 11 орон хятадын зарим нэг өрнөөс чөлөөлөгдсөн ба 22 орон өөрийн "ээлжээ" хүлээж байв. Үүнээс хойш хятад улс өрнөөсөө чөлөөлсөн тухай ямар нэгэн албан ёсны тайланг гаргаж өгөөгүй байна.
Энэхүү бичлэгийн эхэнд дурдсанаар тухайн үеийн германы сангийн сайд Пеер Штейнбруүк хятадын африк дахь хөрөнгө оруулалтанд төдийлөн баярлахгүй байсан билээ. Дэлхийн банк болон ОУВС ч мөн ийм байр суурин дээр байна. Дотоодын ядууралтайгаа тэмцэхийн тулд Дэлхийн банк болон ОУВС-н тусламжаар өрнөөсөө чөлөөлөгдсөн их хэмжээний өртэй хөгжиж буй орнуудын энэхүү боломжоо ашиглаж чадахгүй байгаагаар үл барам өөр "итгэл үзүүлэгчийн" халаасыг түнтийлгэж байна. Өөрөөр хэлбэл өрнөөс чөлөөлөгдмөгцөө Хятад зэрэг өөр орнуудаас өндөр хүүтэй хугацаагүй зээл авч эхэллээ. Тиймээс барууны зээл олгогчид үүний эсрэг арга хэмжээг мөн авч эхэлжээ. Жишээлбэл: Өндөр хүүтэй, хугацаагүй зээл авсан хөгжиж буй орнууд хоёр янзын шийтгэл хүлээх болж байна. Нэгдүгээрт: Дэлхийн банкнаас эдгээр улс орнууд ирээдүйд авч болох зээлийн хэмжээг нь 20%-40% бууруулах; одоо олгогдсон байгаа зээлийн нөхцлийг чангатгах (жишээлбэл хүүг нэмэх г.м)
Энэ шийтгэл ч мөн сөрөг талаа үзүүлж эхэллээ. Хөгжиж буй орнууд Дэлхийн банкнаас авч чадаагүй зээлээ хятад мэтийн шинэ зээл олгогч нараас нөхөн авч эхэллээ. Мөн зарин нь "Яагаад зээл олгогч нь шийтгэгдэхгүй, ганцхан зээл авагч нь шийтгэгдээд байна вэ?" гэдэг асуултыг тавьж байна. Мөн нөгөө талаар африкийн эдгээр улсууд барууны орнууд болон дэлхийн банкнаас олгогдож буй зээлийн хэмжээ нь өөрийн орныг ядуурлаас гаргахад хүрэлцэхгүй байна хэмээн гомдоллож эхлэв. Барууны зээлдэгчид ихэнхдээ боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийдэг бол хятад улс ихэнхдээ дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайшаалттай. Гэхдээ хятад улс эдгээр төслүүдийн гүйцэтгэгч хамтрагчаар хятадын ядаж нэг фирм оролцохоор гэрээ хийж байгааг мартах учиргүй. Ийм байдлаар тэд дотоодын фирмүүдээ гадаад зах зээлд гаргаж байна. (80-аад оны үеийн Siemens, Герман, Камероны гурвалсан гэрээг санагдуулж байгаа биз).
Өр даах чадвар
Барууны зээл олгоч орнууд хятадын өр нь африкийн ахиад л өрөнд живүүлж өрөн уул үүсгэх аюултай хэмээн болгоомжилж байна. Ингэснээрээ одоогийн өрийн нөхцөл байдал болоод өр даах чадварыг аюулд учруулж байна. Жишээлбэл, Ангол, Судан зэрэг төлбөрийн чадвар маш султай орнуудад ч тэд зээлээ олгож байна. Ингэснээр мөн эдгээр улс орнуудад зээл олгосон барууны хувийн банкнуудын зээлээ эргүүлэн авах магадлалыг бууруулж байгаа юм. Өнгөн талаас нь харвал Хятадын хөрөнгө оруулалт ихээхэн орж буй Ангол Судан зэрэг орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Үүнээс үүдээд өр даах чадвар нь сайжирсан уу гэвэл үгүй. Яагаад гэвэл өрийн нөхцөл байдал нь яг хэвээрээ, харин их хэмжээний зээл орж ирснээс болоод нэг хүнд ноогдох орлогын хэмжээ, экспортын орлого нь нэмэгдсэн байна. Бас чимээгүй ирж байгаа нэг аюул нь Хятад улс эдгээр орнуудад зээлээ ам. доллар юм уу, еврогоор биш харин өөрсдийн мөнгөн тэмдэгт юаниар олгож байна. Тасралтгүй нэмэгдэж буй эдийн засгийн өсөлтөө дагаад хэзээ нэгэн цагт Хятдууд юанийн ханшаа чангатгах нь бараг тодорхой. Зээл авагчдын хувьд энэ нь "хятадад өрөө буцааж төлөх нь маш үнэтэй" болно гэсэн үг. Ханшийн энэхүү өсөлт нь юанийн "өртөнгүүдийн" хувьд ам. долларын болон еврогийн өрнөөс илүү өндөр эрсдэл дагуулах нь ойлгомжтой.
Мөн энэ хугацаанд Хятдаас африкийн улс орнууд руу суурьшихаар очиж буй хятад иргэдийн тоо эрс өсөж байна. Өнөөг хүртэл тодорхой тоо байхгүй байгаа ч зөвхөн Камерунд гэхэд 300 гаруй мянган хятад иргэд суурьшиж, африк руу хөрөнгө оруулалт хийсэн хятадын фирмүүдийн тоо 1000 гаруй болоод байна. Ямар ч байсан өнөөгийн нөхцөл байдлаар хар африкийн улс орнууд "шинэ том ахдаа" ам сайтай байна. 5-10 жилийн дараа буюу хятдын ихэнх зээл эргэн төлөгдөж эхлэх тэр цаг ирэх үеэр нөхцөл байдал хэрхэн эргэхийг одоогоор хэлэх аргагүй. Маргашгүй үнэн нэг зүйл нь урьд хөрш маань африк тивд эдийн засгийн ноёрхолоо тогтоож эхэллээ. Зарим орнуудынх нь байгалийн баялагийг ч атгаж эхэлсэн нь нууц биш. Зээл гэдэг нэрийн дор биш хөгжлийн тусламж гэдэг сайхан нэрийн дор хэдэн жилийн дараанаас төлөгдөж эхлэх болзолтойгоор орж ирж буй мөнгө бол баялаг, хөгжил биш гэдгийг ойлгох нь л чухал. Одоо дэлхийн хамгийн ядуу орнууд гэгдэж буй африкийн ихэнх орнууд анх ийм нэрийн дор олгогдож эхэлсэн зээлийн хүүндээ сөхөрч эхлэн, өнөөдрийг хүртэлх хугацаанд зарим нь анх авсан зээлээсээ 3-4 дахин илүү мөнгө зөвхөн хүүндээ төлөөд үндсэн зээлийн хэмжээгээ хөдөлгөж чадаагүй байна.
Хоёр жишээ дурьдахад: 2007 оны 4-р сард Замби улсын засгийн газар Лондонгийн шүүхээр буруутгагдан америкийн Донегал корпорацид 17 сая ам.доллар төлөхөөр болсон байна. Учир шалтгаан нь гэвэл, Замбийн засгийн газар 1979 онд Румын улсаас 15 сая ам. долларыг румыны тракторыг худалдаж авахаар зээлжээ. 90-ээд оны үеэр энэхүү зээл эргэн төлөгдөх хугацаа болж, Замби улс төлж чадахгүй болоход Донегал энэхүү өрийг Румын улсаас 1999 онд 3.280.000 ам. доллараар худалдаж авсан байна. Дараа нь Донегал анхны зээлийн хэмжээ, хүү, хүүгийн хүү, хугацаа хожимдуулсан төлбөр гэх зэргийг нэмсээр Замбийн засгийн газраас 55 сая ам. доллар нэхэмжлэн Лондонгийн шүүхэд хандсан юм. Хэрэв Донегал тухайн үеийн Замбийн ерөнхийлөгч Чилубаг гадаад өрийг нь заруулахын тулд нэг сая доллараар хахуульдсан гэдэг нь тогтоогдоогүйсэн бол Замби улс 17 саяын оронд 55 саяыг төлөх болох байв. Энэ 17 сая ам. доллар нь Замби улсын энэ жилийн эрүүл мэнд, нийгмийн хангамжийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэх мөнгө юм.
Мөн Конго-Браццавила улсаас Английн Кенсингтон групп 123 сая ам. доллар нэхэмжилж байна. Кенсингтон групп Браццавиллагийн 80-аад оны үеийн 12 сая ам. долларыг өрийг яг 1.2 сая ам. доллараар худалдаж авсан юм. Дараа нь тэд Лондонгийн шүүхээр дамжуулан хэдэн сая ам. доллар Конго-Браццавиллагаас нэхэмжилж, 2005 онд 57 сая ам. доллар Кенсингтонд төлөхөөр шүүхийн шийдвэр гарчээ. Конго улс энэ зээлийг төлөхөөс татгалзсан ба одоо Кенсингтон Нью-Иоркийн шүүхээр дамжуулан 123 сая доллар нэхэмжилж байгаа юм.
Энэ мэтийн жишээ дурьдвал бараг дуусахгүй гэхэд болно. Монгол улсын засгийн газар маань сайхан нэртэй боловч хатуухан болзолтой тусламж нэрийн доор орж ирж буй зээлийг авахдаа ул суурьтай судалгаа шинжилгээ хийж, эргэн төлөх эх үүсвэрээ нухацтай бодож, африкийн улс орнуудын харамсалтай, магадгүй эмгэнэлтэй гэж хэлж болох жишээг битгий давтаасай.
Эх сурвалжууд:
www.erlassjahr.de
www.gtz.de "Chinas Engagement in Africa"
Wang, X. 2007b."China as a Net Creditor: An Indication of Strength or Weakness?"
Oddone, Francesco. 2007. "Debt sustainability or defensive deterence? The rise of new lenders and the response of the old"
Foster. V; Butterfiels. W; Chuan Chen; Pushak. N 2008 "Building Bridges-China's Growing Role as Infrastructure Financier for Africa"
Миний хамгийн урт бичлэг байх шүү. Их олон хүний сонирхол татаж чадахгүй болов уу гэж айж байна. Ихэнх тоо баримтийг нь 27-нд тавих илтгэлээсээ авсан юм. Бараг бүтэн өдөр бичсэн бичлээ. Орчуулга нь санаанд тань хүрээсэй гэж найдаж байна.


Сэтгэгдэлүүд:
Африкын жишээг битгий давтаасай гэж аль 90-д оноос авч ирсэн зээл тусламж ихэнх нь 20-30 жилийн хугацаатай байсан гэж яригддаг. Тэгхээр Монгол улс тун удахгүй энэ их өрийн сүлжээнд ороод явж байх вийдээ.
Тэгхээр хүсэж байгаа зүйл бол дараагийн нийтлэлдээ Монгол улсын одоо байгаа бодит зээлийн талаар мөн тэдгээрийн барагдуулалтын талаар тодорхой мэдээлэл өгөөрөй.
Талархлаа.
Сэтгэгдэл үлдээх: